Монгол улсын Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 – т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүний сорилтын лаборатори нь заавал Итгэмжлэгдсэн байна гэсэн заалтын дагуу тус лаборатори нь 2009, 2012 онуудад 2 удаа “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025стандартын шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, Итгэмжлэгдсэн лабораторийн эрхтэйгээр ажиллаж байна.

Ийнхүү тус Итгэмжлэгдсэн нэгдсэн лабораторийн Хими хор судлалын лаборатори, Эрүүл ахуй нян судлалын лаборатори, Таримал ургамлын үр, хорио цээрийн лабораториуд нь Итгэмжлэлийн хүрээнд заагдсан 74 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнд 354 үзүүлэлтээр сорилт шинжилгээг үндэсний болон олон улсын нийт 200 гаруй шинжилгээний арга, аргачлал ашиглан   гүйцэтгэх хүчин чадалтай.

            Орчин үеийн шинжилгээний арга, аргачлалд тулгуурлан хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хими, физик, биологийн хүчин зүйлсийг бүх төрлийн хүнс, гоо сайхан, ахуйн химийн болон ариун цэврийн бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, ургамал, ургамлын үр, түүхий эдэд тодорхойлж, эрүүл ахуйн болон чанар, аюулгүй байдлын баталгааг сорилтын үр дүнгээр нотлон гаргахад лабораторийн үндсэн үйл ажиллагаа чиглэгддэг.

            Лабораториуд нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулж, чанар аюулгүй байдлын баталгааг гаргадаг. Үүнд:

  • Хүнсний аюулгүйн үзүүлэлт буюу хүнсэн дэх нян, мөөгөнцөр, тэдгээрийн хор, физик, химийн бохирдлыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэн тодорхойлох;
  • Орчны аюулгүйн үзүүлэлт буюу хөрс, ус, агаарын хими, биологийн бохирдлыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэн тодорхойлох;
  • Ахуйн хими, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүний аюулгүйн шинжилгээ хийж, эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг тодорхойлох;
  • Эм, эмнэлгийн хэрэгсэлд нян судлалын шинжилгээ хийх;
  • Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол зэрэгт гадаад болон дотоод хорио цээртэй хөнөөлт хортон шавьж, хачиг, хог ургамал, ургамлын өвчин илрүүлэн тодорхойлох;
  • Бүх төрлийн таримал ургамлын үр, үр тарианд тариалалтын болон технологийн чанарын шинжилгээг гүйцэтгэж байна.